Ахлах сургуулийн сургалт

  2015-2016 оны хичээлийн жилд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургууль нь 3 бүлэгт 70 сурагч, 18 багш үүнээс үндсэн багш 16, тогтмол гэрээт 1, цагийн багш 1 багштайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж ирлээ.

2015-2016 оны хичээлийн жилд Ахлах сургуулийн хамт олон дараах зорилго, зорилтыг өмнөө тавьж ажилалаа.

Зорилго:

  • Бүх нийтийн оролцоонд тулгуурлан суралцагчдын хөгжлийг дэмжин инженерийн суурь боловсролын хичээлүүдийн чанарт ахиц гаргах.

Зорилт:

  • Суралцагч нэг бүрийн оролцоог нэмэгдүүлж, хөгжлийг дэмжих
  • Математик, байгалийн ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах, олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг чанартай бэлтгэж оролцуулах
  • Хичээлээс гадуурх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлэх
  • Суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх

Зорилго, зорилтыг хэрэгжүүлэхээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Математик, байгалийн ухааны хичээлүүдийг сурагчид гүнзгийрүүлэн судлах нөхцөл боломжийг хангаж ажилласнаар аймаг, бүс, улсын чанартай олимпиад, уралдаанаас I байр -10, II байр -8, III байр 2 нийт 20 сурагч медальт байрт шалгарсан байна.
  • “Бүсийн математик-байгалийн ухааны олимпиад”

 СШУТ-ийн дэргэдэх Ахлах сургуулиас санаачлан анх удаа сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах хүсэл сонирхлыг дэмжих, шинэ зууны өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмэр оруулах, аймаг, улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг хангах, эрчимжүүлэх, сургуулийн элсэгчдийн чанарыг дээшлүүлэх, сургуулиа сурталчлах зорилгоор Технологийн сургуулийн нэрэмжит “Математик – Байгалийн ухаан”-ы бүсийн анхдугаар олимпиадыг амжилттай зохион байгуулсан. ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Математик, байгалийн ухааны бүсийн олимпиад”-ыг амжилттай зохион байгуулав. Олимпиадыг Технологийн сургуулийн захирлын 2015 оны 12-р сарын 23-ны өдрийн А/90 тоот тушаалаар байгуулагдсан комисс зохион байгуулав.

 Тус олимпиадад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгуудын болон Хөтөл сумын нийт ЕБ-ын 25 сургуулийн 400 гаруй сурагч оролцсон бөгөөд 9-р анги төрөлд 90, 10-р анги төрөлд 104, 11-р анги төрөлд 100, 12-р ангийн төрөлд 118 сурагч тус тус математик, физик, химийн хичээлийн мэдлэгээр өрсөлдөв. Олимпиадын дүнг анги тус бүрээр шалгаруулахаас гадна нийлбэр дүнгээр эхний байруудад шалгарсан сурагчдыг мөн шагнаж урамшууллаа.

Ахлах сургуулийн хамт олны онцлох амжилтууд:

  • Аймгийн Физикийн олимпиадад 12-р ангийн сурагч Т.Нямгэрэл I байр, IQ- Сэтгэх чадварын олимпиадад 12-р ангийн сурагч Л.Идэрмөнх II байр, химийн олимпиадад 10-р ангийн сурагч С.Сувданчимэг 12-р ангийн төрөлд анги дэвшин оролцож III байр тус тус эзлэв.
  • Аймгийн физик, англи хэлний олимпиадын багш нарын төрөлд физикийн багш Э.Амарбаясгалан, англи хэлний багш И.Оюунтуяа нар тус тус I байр, Улсын олимпиадад физикийн багш Э.Амарбаясгалан тусгай байр эзэлсэн.
  • МУИС-ийн нэрэмжит Улсын бага олимпиадад II байр, Улаанбаатар хотын “Улаанбаатар Эмпати” сургуулийн нэрэмжит “Байгалийн ухаан”-ы олимпиадын Химийн төрөлд 10-р ангийн сурагч С.Сувданчимэг II байр эзэлсэн ба шилдэг арван сурагчдын 2-рт жагслаа.
  • 12-р ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын Хөх хотод болсон Монгол туургатны Олон улсын хүүхдийн спортын V наадамд теннисний ганцаарчилсан төрөлд III байр, Улсын аварга шалгаруулах теннисний тэмцээнд багийн төрөлд II байр мөнгөн медаль, Улсын аварга шалгаруулах Теннисний тэмцээний дан хос төрөлд III байр хүрэл медаль, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Хүүхдийн спортын V их наадмын теннисний “Дан хос” төрөлд I байрыг тус тус эзэлсэн байна.
  • Шинэ Монгол сургуулийн нэрэмжит “Шигшээ сорилго 2016” химийн олимпиадад 10-р ангийн сурагч С.Сувданчимэг II байр эзлэв.
  • Орхон аймгийн Математикийн масс чанарын X олимпиадад 10-р анги I байр, 12-р анги III байр, 10-р ангийн Ганцаарчилсан төрөлд 10-р ангийн сурагч С.Сувданчимэг, Э.Халиунаа нар оноо тэнцэж тус бүр I байр эзэлсэн.
  • Сургуулийн нэрэмжит “Математик-Байгалийн ухаан”-ы бүсийн анхдугаар олимпиадын химийн төрөлд 10-р ангийн сурагч С.Сувданчимэг I байр, 10-р ангийн сурагч Э.Халиунаа II байр, нийлбэр дүнгээр 10-р ангийн сурагч С.Сувданчимэг II байр, Физикийн төрөлд 12-р ангийн сурагч Т.Нямгэрэл II байр, нийлбэр дүнгээр III байр эзэлсэн.
  • Дархан-Уул аймгийн физикийн багш нарын “Дархан талст” салбар зөвлөлөөс зохион байгуулсан Ж.Зандаргоомий агсны нэрэмжит бүсийн Физикийн олимпиадад 10-р ангийн сурагч С.Сувданчимэг I байр, 12-р ангийн сурагч Л.Идэрмөнх II байр, 12-р ангийн сурагч Т.Нямгэрэл II байр тус тус эзэллээ.
  • Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн нэрэмжит “Их сорилго Дархан 2016” олимпиадын 10-р ангийн төрөлд I байр, 12-р ангийн сурагч Э.Мөнхтуяа III байр эзэлсэн.
  • 10-р ангийн сурагч Б.Батзаяа жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хаврын баяр” урлагийн наадмын дан хөгжмийн төрөлд II байр эзэлсэн болно.