Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв


      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Мэргэжлийн сургалтын албыг Ерөнхий захирлын 2009 оны 12-р сарын 11-ны 626 тоот тушаалаар 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн тус компанийн Технологийн сургуулийн “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв” болгон өөрчлөв.

      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, сайжруулахын тулд суралцах, шинэ арга барил эзэмших, ажиллах орчны нөхцөл нь мэдлэг чадварыг бий болгох, ажилтны өдөр тутмын ажил нь суралцаж хөгжих таатай орчныг бүрдүүлэх, эрэлтэд тулгуурласан сургалтын шинэ тогтолцоог бий болгон төлөвшүүлж, удирдлагын механизмыг чадамжид суурилсан чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилгыг тавьж ажиллаж ирлээ.

      Өнөөдрийн байдлаар, жилд мэргэжлийн анхан шатны боловсрол олгох 1 жилийн болон мэргэжил олгох түр сургалтуудад 4-8 мэргэжлээр 300 орчим хүн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех, хэсгүүдийн захиалгаар 1000 гаруй ажилтныг мэргэшүүлэх, шинэ ба хос мэргэжлээр сургаж бэлтгэн, давтан болон зорилтот сургалтуудад хамруулж байна.

      Аж ахуйн нэгж байгууллагын захиалгат сургалтаар уул уурхайн тэргүүлэх компани Оюу толгой ХХК-д 400 гаруй, МАК ХХК-д 100 гаруй шинээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж, өнөөдөр төгсөгчид маань амжилттай ажиллаж байна.

      Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 2015-2016 оны хичээлийн жилд сургалтын чанарыг сайжруулах, багшийг чадваржуулж хөгжүүлэх, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилтыг тавьж байна. Энэ хүрээнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн шинэ загварыг боловсруулах, ашиглах, “Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Орхон аймаг, сум, Мэргэжлийн холбоо зэрэг хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах ажлуудыг явуулж байна.

      Цаашид МСҮТ-ийн Чанарын баталгааны тогтолцоонд шилжих, орчныг бүрдүүлэхэд:

  • Засаглал ба манлайлал
  • Удирдлага (менежмент) ба Захиргаа удирдлага
  • Чанарын баталгаа
  • Сургалт ба Суралцахуй
  • Салбартайгаа уялдаа холбоотой байдал
  • Оюутан суралцагчдын үйлчилгээ чиглэлүүдээр төлөвлөж үйл ажиллагаагаа явуулж байна.