Он цагийн товчоон

      Технологийн сургууль нь хөгжлийн 41 жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон уул уурхайн бусад томоохон компаниудын 70 мянга гаруй нарийн мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудыг шинээр сургах, мэргэжил дээшлүүлэх, хос мэргэжил олгох сургалтуудыг явуулж, Монгол улсын уул уурхайн салбарын боловсон хүчин бэлтгэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

      Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь уул уурхайн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэжлийн ажилчид бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, эх орны уул уурхайн үйлдвэрлэл болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн техник, технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, зураг төсөл, хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил эрхэлж, “Сургалт + Эрдэм шинжилгээ + Үйлдвэрлэл”-ийн цогцолбор үйл ажиллагаагаа явуулж байна.

1975 он:

  • 1975 оны 4-р сарын 12-ны өдрийн хуралдаан болон хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн 2-р хурлын шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 1975 оны 9-р сарын 13-ны өдрийн 63 тоот тушаалаар уул уурхайн нарийн мэргэжлийн ажилчид бэлтгэх “Сургалтын төв”-ийг байгуулжээ.
  • 1975 оны 10 сарын 1-нд Сургалтын төв нь захирал, 2 багш, аж ахуйн нярав, үйлчлэгч, жижүүр гэсэн 7 орон тоо, 41 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ.

1977 он:

  • 1977 оны 9 сарын 1-нд Техник мэргэжлийн сургуулийн иж бүрэн цогцолбор “Сургалтын төв” ашиглалтанд орсон байна.

1979 он:

  • Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1979 оны 10 сарын 22-ны өдрийн 203 тоот тушаал гарч, “Сургалтын төв”- д уул уурхайн техникумын оройн салбар байгуулагдаж цаашид “Сургалт курсын комбинат” гэж нэрлэгдэх болсон.

1991-1993 он:

  • 1991 оны 6-р сараас спортын ордон, соёлын ордон, сувилал, амралтын бааз, сургалтын төвийг нэгтгэж “Эрүүл мэнд-соёлын төв”, түүний харьяанд 1991-1993 оны 4 сар хүртэл Сургалт-арга зүйн кабинет, 1993 оны 4-р сараас 1996 оны 9 сар хүртэл “Сургалт курсын комбинат” хэлбэрээр тус тус ажиллаж байжээ.

1996 он:

  • Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институттэй хамтран үйлдвэрийн боловсон хүчнийг 1994-2004 онуудад шинээр болон давтан бэлтгэх тухай “Боловсон хүчин хөтөлбөр”-ийг боловсруулж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх ажлын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор “Шаталсан сургалттай техникийн сургууль” байгуулах тухай Монгол улсын Техникийн их сургуулийн Ректорын болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 1996 оны 9-р сарын 19-ний өдрийн 455 тоот тушаал гарч Сургалт курсын комбинатыг “Шаталсан сургалттай техникийн сургууль” болгон өөрчлөн зохион байгуулсан юм.

1998 он:

  • Дээд боловсролтой уул уурхайн үндэсний инженерүүдийг бэлтгэн гаргах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын Гэгээрлийн Сайдын 1998 оны 12-р сарын 11- ний өдрийн 274 тоот тушаалаар “Шаталсан сургалттай техникийн сургууль“-ийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль болгон өргөжүүлж, сургалтын технологи, арга зүйн асуудлаар ШУТИС-д, удирдлага, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, өмч хөрөнгө, санхүү эдийн засгийн асуудлаар Эрдэнэт үйлдвэрт харьяалагдах болсон.

2001 он:

  • Монгол улсын уул уурхайн салбарын хөгжил болон уул уурхайн дээд боловсролтой үндэсний инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн гаргахад оруулсан гарамгай гавьяаг нь үнэлж, Монгол улсын Засгийн газрын 2001 оны 6 сарын 20-ны өдрийн шийдвэрээр Технологийн сургуулийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит сургууль болгож, гэрэлт хөшөөг нь сургуулийн дэргэд босгосон юм.

2003 он:

  • Технологийн сургуулийн сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчний чадавхи дээшилж, сургалтын арга технологи жилээс жилд боловсронгуй болж ирснийг Монгол улсын боловсролын асуудал эхэлсэн төрийн төв байгууллага Гэгээрлийн яамнаас баталгаажуулж Улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс анх удаа баталгаажуулж 2003 онд Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ тус тус олгосон.

2009 он:

  • Тус сургуулийг 2009 онд Монгол улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс хоёр дахь удаагаа 2019 он хүртэл 10 жилийн хугацаатай магадлан итгэмжилсэн байна.

2010 он:

  • Герман хэлний бэлтгэл анги хичээллэж эхлэв.
  • “Оюутан бид” оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжив.
  • “Оюу Толгой” ХХК-ийн зохиосон 1 жилийн сургалтыг 3 мэргэжлээр явуулав.
  • Орхон аймгийн ХХЧХ-тэй хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулав.
  • Төвийн бүсийн аргазүйн төвтэй хамтарсан гэрээний дагуу 10 мэргэжлээр Модуль хөтөлбөр боловсруулж өгөв.
  • ОХУ-ын Улаан-Үүд хотын инженер багшийн коллежтой хамтран ажиллах болов.
  • “МАК” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулав.
  • ХАБЭА-н хууль, НХХ-ийн сайдын 2009 оны 127 тоот тушаалын дагуу ХАБЭА-н сургалтын иж бүрэн хөтөлбөр хэрэгжиж эхлэв.
  • Сургууль үүсч хөгжсөний 35 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэв. /2010 он 10-р сар/
  • 5 орны 22 байгуулагатай хамтран ажиллах боллоо.

2011 он:

  • Эрдэм шинжилгээ - онол практикийн хурлуудыг 4 удаа зохион байгуулж, оролцсоны дотор “Мэдээлэл, холбооны технологи уул уурхайд” сэдэвт улсын анхдугаар хурлыг зохион байгуулав.
  • Сургуулийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж, Профессорын багийн системээс тэнхимийн системд шилжив.
  • Удирдлагын “UNIMIS-3” цогц программыг ашиглалтанд оруулав.
  • Докторантур, магистрантурт 32 багш, ажилтнууд суралцан, Сургалт эрхэлсэн дэд захирал Ш.Сүхээ докторын (Ph.D) зэрэг, 7 багш магистрын зэрэг хамгаалав. 12 багш ажилтан багшлах эрхийн сургалтаар, гадаад, дотоодод 38 багш, ажилтан мэргэжил дээшлүүлэв.
  • “Оюу-Толгой” ХХК-ийн хандивласан тоног төхөөрөмж суурилуулах, угсралт, тохируулалтын ажлыг гүйцэтгэж БНСУ-ын “Койка” тусламжаар бэлэглэсэн кабинетийг хүлээн авав.

2012 он:

  • Технологийн сургуулийн механикийн тэнхим, ШУТИС-ийн МИС-ийн үйлдвэрлэлийн механикжуулалтын багийн хооронд сургалт, эрдэм шинжилгээний талаар хамтран ажиллах гэрээ байгуулав.
  • Ухаалаг самбар суурилуулах, Виртуал лаборатори байгуулах ажлыг хийв.
  • ШУТИС-ийн төвлөрсөн номын сангийн Lib4U программын Lib4U net Verson1,9 хувилбарыг авч номын сангийн автоматжуулалтад хэрэглэж эхлэв. Цахим номын сангийн төслийн хүрээнд 90240$-н техник хэрэгслийг хүлээн авав.
  • Лицей сургуулийн анги танхимыг шинээр байгуулж, суралцах нөхцөлийг эрс сайжруулав.
  • Монголын багш нарын 46 дахь өдрийг тохиолдуулан “Багш-Доктор, Багш-Шавь” өдөрлөгийг зохион байгуулав.

2013 он:

  • “Технологийн сургуулийг 2014-2024 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулж батлан гаргав.
  • “Эрдмийн баяр - Эрдэмтний өдөр”-т Доктор (Sc.D) П.Очирбат уригдаж, “Дэлхийд өрсөлдөх монгол баялаг” сэдвээр лекц, бүтээлийн үзэсгэлэн гаргаж сурталчлав.
  • Хөдөлмөрийн яамны хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зарлагдсан мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, дээшлүүлэх сургалтыг хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр зохион байгуулах сургалтын байгууллага шалгаруулах тендерт оролцон шалгарч Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулан 4 мэргэжлээр мэргэжил олгох сургалт зохион байгуулав. (82 хүнд)
  • 2013-2014 оны хичээлийн жилийн төгсөлтөөс эхлэн Технологийн сургуулийг Онцлох дипломтой төгссөн оюутанд Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллах эрхийн “БАТЛАМЖ” гардуулдаг болов. Анхны батламжийн эзнээр онц төгсөгч Э.Оюунболд тодров.

2014 он:

  • ШУТИС-ийн ректорын 2014 оны 3-р сарын 21-ны өдрийн А/48 тоот тушаалаар сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
  • Номын сангийн байр, суудлын тоог нэмэгдүүлэв.(Оюутан бүрээр 60м2 талбайд 24 суудал)
  • Улаанбаатар хотноо Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр сургуулийн багш, эрдэмтдийн бүтээлээр үзэсгэлэн гаргав.
  • Монгол улсын Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулагдсан “Цахим хичээл-2015” улсын уралдаанд Цахилгаан механикийн тэнхимийн эрхлэгч Ц.Баяржаргал, А.Түвшинжаргал нарын “Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийг угсрах Виртуал лаборатори” сэдэвт хичээл тэргүүн байр эзлэв.