“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/688 дугаар “Сургалт зохион байгуулах тухай” тушаалаар Технологийн сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилтуудыг тодорхойлох, нэгдмэл ойлголттой болох зорилготой Миний сургуулийн хөгжил-Миний манлайлал сургалт 2019 оны 08 сарын 19-ний өдрөөс 08 сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Технологийн сургууль нь тус сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах юм.

“Миний сургуулийн хөгжил-Миний манлайлал” сургалт Профессор С.Давааням, SFCS ХХК-ийн гүйцэтгэх захирал, Олон улсын аудитор Л.Тунгалаг, Good to Great сургалтын төвийн захирал А.Энхцэцэг, МУБИС-ийн Зайн сургалтын төвийн захирал Б.Насанбаяр нарын багшлах бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан.

  Тус сургалтаар Технологийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон Эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын тайлан, мэдээллийг сургуулийн удирдлагууд танилцуулж, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго зорилтууд болон сайжруулах шаардлагатай асуудлуудыг хөндөн ярилцлаа. Мөн боловсролын байгууллагын Чанарын менежментийн тогтолцоо ISO21001 стандартын танилцуулга, боловсролын чанарын өртөг тооцох тухай, Хувь хүний хөгжил харилцаанд төлөвшил ёс суртахууны эзлэх байр суурь, Харилцаа бол Арилжаа, Цагийн менежмент, Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба, Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, зорилтууд зэрэг сэдвээр тодорхой кейс дээр ажиллан ярилцаж, шинэ мэдлэг  нэмж, санал бодлоо нэгтгэлээ. Түүнчлэн сургалтын сүүлийн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан хөгжүүлэх журмын хэлэлцүүлэг хийгдсэн.

Миний сургуулийн хөгжил-Миний манлайлал сургалтаас гарсан дүгнэлтийн дагуу Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг тасралтгүй сайжруулах, сургуулийн чанарын өртөг тооцох загвар гаргах, “Харилцаа” сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах зэрэг өөрчлөлтүүд хийх шаардлагатай байгааг онцоллоо.

  • Энэ нийтлэлийг хуваалцах