Манай сургууль дээр ХБНГУ-ын  Заарланд мужийн Байгаль орчны яамны сайд Райнхолд Ёост тэргүүтэй албаны төлөөлөгчид 3-р сарын 11 өдөр зочлон ирж Эрдэнэт үйлдвэр ХХК-н төлөөлөгчидтэй уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уг уулзалтаар Доктор, Профессор Матиас Бауэр “ADRIANA” Төслийн танилцуулга, Байгаль орчны сайд Райнхолд Ёост “Уул уурхайгаас үйлдвэрлэл”, Рудолф Крүмм “Уул уурхайн дараах газрын менежмент”, Мартин  Штраус “Ногоон дэд бүтэц”, Юргэн Ринглэ “Салхины эрчим хүч ба уурхай” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавьж мэдээлэл хүргэв.

ХБНГУ-ын Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас зарласан хөтөлбөрийн хүрээнд шалгарсан ADRIANA төсөл нь европын болон монголын судалгааны институт мөн туршлагатай компаниуд хамтран хуучин уурхай орд газрыг дахин ашиглах боломжийн талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх юм. Энэхүү судалгааны ажил нь сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи ашиглан агаараас тандан судалж хоёрдогч орд газрыг ашиглах боломжийг тооцоолох мөн хаягдлын далан дахь дахин ашиглагдах материалыг судлах ажлыг гүйцэтгэнэ.

Уулзалтын төгсгөлд нэг талаас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг төлөөлж Захирал, доктор Д.Зоригтхүү, нөгөө талаас ХБНГУ-н Заарланд муж дахь СиБиЭм ХХК-ийг төлөөлж Захирал, Доктор, Профессор Матиас Бауэр харилцан тохиролцож хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулав.

Гэрэл зургийг: Н.Батсүх

  • Энэ нийтлэлийг хуваалцах