Жил бүрийн 2-р сарын 1-ний өдөр МонголУлсын Хөдөлмөрийн баатар, Техникийн Шинжлэх Ухааны Доктор, Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирал асан Шагдарын Отгонбилэг агсны төрсөн өдөр тохиодог. Энэ өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиас санаачлан жил бүр хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа уул уурхайн салбарын чадварлаг боловсон хүчнийг  бэлтгэх зорилгоор одоогийн Технологийн сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулах шийдвэрийг санаачлан хэрэгжүүлсэн тул тус сургуулийг түүний нэрэмжит болгон, нэрийг нь мөнхжүүлсэн түүхтэй.

2018 оны 02-р сарын 01-ний өдөр орон нутгийн болон  Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Технологийн сургуулийн хамт олон болон журмын нөхөд нь  Технологийн сургуулийн өмнөх талбай дах Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд  Орхон аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогт, Орхон аймгийн Боловсролын соёлын газрын дарга Ж.Бат-Амгалан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт, Хөгжлийн бодлогын газрын дарга бөгөөд Технологийн сургуулийн удирдах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяр нар болон Технологийн сургуулийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлийн гишүүд болон, журмын нөхдүүд нь, Технологийн сургуулийн багш, ажилтнууд, оюутнууд бусад холбогдох хүмүүс оролцлоо.  

Хүндэтгэлийн үйл ажиллагааны  үеэр Технологийн сургуулийн багш, ажилтан, оюутан, сурагчдад Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Тогооч, ахмад багш Б.Мажинбуу нар Ш.Отгонбилэгийн намтар, ажил үйл хэрэг, Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар лекц ярилцлага хийлээ.

Мөн Технологийн сургуулийн багш, ажилтнуудын дунд “Ш.Отгонбилэгийн үйл хэргийн талаар эссэ бичлэгийн уралдаан зарлан явуулсан ба тэргүүн байр эзэлсэн Эрчим хүч, мэдээллийн технологийн дэд профессор, доктор (Ph) Б.Хээрийнбаатар, дэд байр эзэлсэн Уул уурхайн тэнхимийн багш Б.Алтансолонго нар  Монгол орны байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхийн бичгээр шагнууллаа. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах