Технологийн сургуулийн нэрэмжит Математик – Байгалийн ухааны бүсийн олимпиад гурав дахь жилдээ 2018 оны 01 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Олимпиадын зорилго нь сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих, шинэ зууны өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмэр оруулах, аймаг, улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг хангах, эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэн суралцагчдын чанарыг сайжруулахад чиглэгдсэн  байна.

Тус олимпиадад Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ аймгуудын 95 сурагч, Орхон аймгийн ерөнхий боловсролын арван дөрвөн сургуулиас 352 сурагч, нийт 447 сурагч оролцож оюун ухаанаараа уралдлаа. Олимпиад 9, 10, 11, 12-р ангийн төрлөөр математик, хими, физикийн хичээлүүдээр явагдсан бөгөөд анги бүрд хичээл тус бүрээр эхний 3 байр, хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний 6 байрыг тус тус шалгаруулж медаль, мөнгөн шагналаар урамшууллаа. Мөн 12-р ангийн нийлбэр дүнгээр шалгарсан эхний 6 сурагчид Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт 10 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 9, 10-р ангийн нийлбэр дүнгээр эхний 6 байрт шалгарсан 12 сурагчид Технологийн сургуулийн 10, 11-р ангид сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.

Сурагчдын амжилтыг аймаг, сургуулиар  үзүүлбэл: Орхон аймаг 45 медаль хүртсэнээс 14-р сургууль 22, Технологийн сургууль 8, 4-р сургууль 4, 8-р сургууль 4, Орос 19-р сургууль 3, 13-р сургууль 2, Орхон Эмпати 2 медаль, Булган аймаг 2, Хөвсгөл 4, Сэлэнгэ 4, Дархан-Уул 5  медаль хүртлээ.

Математик – Байгалийн ухааны олимпиад нь математик, физик, химийн хичээлүүдийн нийлбэр агуулгаар явагддаг нь бусад олимпиадаас ялгарах онцлог бөгөөд сурагчид дээрх хичээлүүдээр шамдан суралцах хүсэл сонирхлыг дэмжиж, ирээдүйд нарийн мэргэжлийн чадварлаг инженер болох хөрс суурийг бүрдүүлж өгдгөөрөө давуу талтай юм. Олимпиадад амжилттай оролцсон бүх сурагчид, шавиа амжилттай бэлдэж оролцуулсан багш нартаа баяр хүргэж цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.