Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүх цех нэгжүүдийн дунд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол улсын төрийн дээд одон медаль хүртсэн шагналтнуудаа алдаршуулах, залуу шинэ ажилтнуудад үлгэр дууриал болгох зорилготой зохион явуулж байгаа “Шагналтнуудаа алдаршуулья” уралдааны арга хэмжээ Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр боллоо.

Монгол улсын уул уурхайн салбарт  60 гаруй мянган нарийн мэргэжилтэй ажилтан ,ажилчдыг бэлтгэж ирсэн 41 жилийн түүхэн гавьяатай Технологийн сургуулиас үе үеийн олон алдартнууд төрөн гарсан байдаг.

Тус сургуулийн Хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал, доктор С.Давааням,  МСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан, доктор Л. Батаа нар Монгол улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан”, багш  Ш.Ганбат,  П.Оюунсүрэн,  С.Мэнджаргал нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртжээ. Мөн Технологийн сургуулиараа овоглосон Алтан гадас одонт 7, Хөдөлмөрийн хүндэт медальт 8, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн аварга 8 эрхэм байдаг аж.

Тэгвэл энэхүү алдартнууд Технологийн сургуулийн багш ажилтан, оюутан сурагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, өөрсдийн ажил хөдөлмөрийн замналаа дурсан ярьж, цаашид төрөлх сургуулийнхаа үнэт зүйлийг эрхэмлэн, ирээдүйн хөгжлийн түлхүүрийг атгаж явахыг тэдэнд зөвлөхийн зэрэгцээ эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөлөө.