Олон улсын инженерийн боловсролын сургалтын шинэ стандарт буюу CDIO хөтөлбөрийг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль энэ хичээлийн жилээс нэвтрүүлж байна.  Тус хөтөлбөрийн аргачлалыг багш нарт эзэмшүүлэх зорилго бүхий “Инженерийн боловсролын CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалт Технологийн сургууль дээр боллоо. Инженерийн боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг нийт 5 удаагийн шаталсан сургалтаар багш нарт таниулах бөгөөд энэ нь 2 дахь удаагийн Модуль сургалт юм. Хөтөлбөрийн эхний сургалтаар CDIO болон түүнд баримталдаг 12 төрлийн стандартын тухай танилцуулсан бол энэ удаагийн сургалт нь багш нарт заах арга зүйг эзэмшүүлж байгаагаараа онцлогтой гэж ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн дэд профессор, CDIO төслийн багийн удирдагч Т.Амаржаргалан ярилаа. Сургалтанд  Технологийн сургуулийн нийт багш нараас гадна тус сургуульд хичээл заадаг Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, “Газарчин” Дээд сургууль, МҮИС, ГУУС-ийн багш нарын төлөөлөл оролцов.

Сургалтын эхэнд Монгол Улсын БСШУЯам, Технологийн сургууль хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмал баяжуулалтын технологи жишиг хөтөлбөр” танилцуулгыг Технологийн сургуулийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал , профессор С.Давааням хийсэн юм. Тэрээр “Монгол улс ойрын хөгжлийн түлхүүр бол уул уурхай гэж тодорхойлсон цаг үед уул уурхайн салбар болон тэнд ажиллах боловсон хүчний мэдлэг чадвар,өсөлт хөгжил олон улсын стандарт жишигт нийцсэн байх шаардлагатай. Энэ үүднээс бид энэ хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн” хэмээн тодотгов. Энэхүү жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “Ашигт малтмал баяжуулалтын технологи” хөтөлбөрийн хичээлүүдийн уялдаа холбоо сайжирч тухайн мэргэжлийн орчин цагийн шаардлага хангах үндэс суурь бий болж, хөтөлбөр хэрэгжилтийг үнэлэх тогтолцоо бүрдэж, багшлах боловсон хүчний ур чадвар нэмэгдэх зэрэг олон үр дүн гарах юм байна. “Инженерийн боловсролын CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг ШУТИС-ийн Үйлдвэрлэл тенологийн сургуулийн дэд захирал, доктор дэд профессор, CDIO төслийн багийн гишүүн Д.Ариунболор, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн дэд профессор, CDIO төслийн багийн удирдагч Т.Амаржаргалан нар удирдан, багш нарт хичээл заав. Дашрамд дурдахад, Монгол Улсын БСШУЯам, CDIO олон улсын байгууллага, Сингапурын Политехникийн институттэй хамтын ажиллагааны хүрээнд CDIO системийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. CDIO хөтөлбөр хэрэгжсэнээр  багш нар сургалтын төлөвлөгөөгөө нягт төлөвлөх, заах арга туршлагаа сайжруулах, инженерийн мэдлэгийг илүү бодитой үнэлж, дүгнэх чадвартай болох бол  оюутнуудын  мэдлэг, ур чадвар дээшилж, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай инженерийн ажлын туршлагад суралцах боломж бүрдэх юм.