Билгийн тооллын 17-р жарны “Нүүр муут” хэмээх бичин жилийн сар шинийн баярын босгон дээр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захиргаа ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг үйл ажиллагаанд энэ удаа тус сургуульд  ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан 20 гаруй ахмад буурлууд хүрэлцэн ирэв. Технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат болон бусад удирдлагууд ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ улирч буй хонин жилд сургууль, хамт олны гаргасан амжилт бүтээлээс танилцуулсан юм.

Мөн энэ үеэр тус сургуулийн Ахмадын хэсгийн дарга, ахмад багш Б.Мажинбуу нийт ахмад настнууд болон сургуулийн хамт олонд баярын мэнд хүргэж, оюутнууд ая дууны түрлэг өргөлөө.

1975 оноос түүхийн хуудсаа бичиж эхлүүлсэн Технологийн сургуулийн дэргэдэх Ахмадын хэсэгт  өнөөдрийн байдлаар 33 ахмад бүртгэлтэй байдаг юм байна. Хамгийн ахмад ажилчин өдгөө 88 настай Ц.Балам гуай байдаг бол хамгийн отгон ахмад нь жижүүрээр ажиллаж байгаад өнгөрсөн онд өндөр насны тэтгэвэртээ гарсан Г.Эрдэнэчимэг ажээ.

Монгол түмний уламжлалт зан заншлын их баяр  сар шинийн өмнө ийнхүү ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж буйд сургуулийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлээд, цаашид өөрсдийн нөөц боломжоор сургуулийнхаа гадна талбайн тохижилт, цэцэрлэгжилтэнд оролцож, туслахаа хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсон ахмад настнууд ярилаа.      

  • Энэ нийтлэлийг хуваалцах