Уул уурхайн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргадаг Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь инженерийн боловсролын шинэчлэлд ихээхэн анхаарч байна. Энэ хүрээнд саяхан  тус сургуулийн багш нар инженерийн боловсролын CDIO системийг нэвтрүүлэх арга зүйн талаар “номын дуу” сонсов.

Монгол Улсын БСШУЯ дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд CDIO олон улсын байгууллагын төв, Сингапур улсын Политехникийн институттэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус төсөлд инженер технологийн салбарт хийж байгаа хөтөлбөрийн шинэчлэл, сургах, суралцах арга барилыг өөрчлөх зорилгоор CDIO системийг нэвтрүүлэх юм. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтран инженерийн боловсролын CDIO системийг нэвтрүүлэх арга зүйн сургалтыг 2 өдрийн хугацаатай Технологийн сургуулийн үндсэн багш нар болон үйлдвэрийн гэрээт багш нарын дунд зохион байгууллаа.

CDIO хөтөлбөрийг хэрэгжүүлэх  нь багш нар сургалтын төлөвлөгөөгөө илүү сайн төлөвлөх, заах арга туршлагаа сайжруулах, инженерийн мэдлэгийг бодитойгоор үнэлж дүгнэх, оюутнуудын хувьд мэдлэг, ур чадвар, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай инженерийн ажлын туршлагад суралцах боломжийг нээж байгаа юм. Сургалтанд Технологийн сургуулийн 50 гаруй багш нар оролцож,  CDIO хөтөлбөрийн арга зүйн зөвлөх, ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор Т.Амаржаргалан хичээл заав.  Тэрээр энэхүү сургалтын тухайд Инженерийн боловсролын шинэчлэлийн арга зүйн сургалтыг хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар багш нарт зөвлөмж өгч байгаагаараа  өндөр ач холбогдолтой хэмээн онцолсон юм.

Дашрамд дурьдахад, инженерийн боловсролын шинэчлэл, CDIO системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд Монгол улсаас 65 хүнийг сонгон гүнзгийрүүлэн сургах бөгөөд эдгээр мэргэжилтнүүдээс 20 хүнийг үндэсний сургагч мастер мэргэжилтнээр бэлтгэх ажээ. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах