ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын 17 дахь удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр” 2-р сарын 1-нд боллоо.

Энэ удаагийн хаврын төгсөлтөөр 7 мэргэжлээр 47 оюутан бакалаврын,  46 оюутан магистр зэрэгтэй төгсөж, дипломоо гардаж авав.” Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд: 

Сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа 

ШУТИС-ийн  Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор,  профессор Г.Баттүвшин,

Технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор С.Эрдэнэбат болон сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд баяр хүргэлээ. Мөн энэхүү ёслолын үеэр  Технологийн сургуулийн багш ажилтан, оюутны төлөөлөл Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал асан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Учир нь жил бүрийн 2-р сарын 1-нд  тус сургуулийг үүсгэн байгуулагч Ш.Отгонбилэг агсны мэндэлсэн өдөр нь тохиодог аж.

Технологийн сургууль нь 1975 онд Монгол-Оросын хамтарсан  Эрдэнэт үйлдвэрийн дэргэд  “Сургалтын төв” нэртэйгээр байгуулагдаж, 1998 оноос ШУТИС-ийн харъяа Технологийн сургууль болон өргөжин хөгжиж ирсэн түүхтэй.  2001 оны 6-р сарын 20-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 130 тоот тогтоолоор Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Ш.Отгонбилэгийн нэрэмжит сургууль болсон юм.  Тус сургууль нь уул уурхайн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн, мэргэжлийн ажилчид бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, эх орны уул уурхайн үйлдвэрлэл болон Эрдэнэт үйлдвэрийн техник, технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, зураг төсөл, хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил эрхэлж, “Сургалт + Эрдэм шинжилгээ + Үйлдвэрлэл”-ийн цогцолбор болон үйл ажиллагаа явуулж байна.

Цаашид гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөн ажиллах өргөн мэдлэг, өндөр ур чадвар, зөв төлөвшил бүхий мэргэжилтэн бэлтгэх, улс, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх нь Технологийн сургуулийн эрхэм зорилтын нэг юм.