Тэртээх 1975 онд “Сургалтын төв” нэртэйгээр байгуулагдан, өдгөөгийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль болтлоо өргөжиж, уул уурхайн салбарт олон мянган мэргэжилтнийг бэлтгэн гаргасан тус сургууль 40 дэх намартайгаа золгож буй. Тус сургуулийн хамт олон 10 сарын 1,2-ний өдрүүдэд 40 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Түүхт 40 жилийн ойн арга хэмжээ Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын 49 жилийн ойтой давхцсанаараа давхар баярыг авчирсан юм. Технологийн сургуулийн ойн арга хэмжээ 10-р сарын 1-ний өдөр “Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр”-ийн үйл ажиллагаагаар эхэлсэн бол дараагийн өдөр нь баярын хурал, хүндэтгэлийн концертоор үргэлжлэв.

Тус сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн баяр-Эрдэмтний өдөр”-ийн энэ удаагийн хүндэт зочноор ШУТИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Нанзад уригдсан.Уул уурхайн салбарынхандаа “уулын машины Нанзад” хэмээн нэрлэгдсэн доктор, профессор Ц.Нанзад багшид Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй үе үеийн шавь нарын төлөөлөл нь хүндэтгэл үзүүлэв.  

Технологийн сургуулийн ойн баярын хуралд УИХ-ын гишүүн О.Содбилэг, ШУТИС-ийн ректор, доктор Б.Очирбат, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумьяасүх нарын олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.  Баярын хурлыг нээж, Технологийн сургуулийн захирал, доктор С.Эрдэнэбат сургуулийн өчигдөр, өнөөдөр, маргаашийн тухай тавьсан илтгэлдээ  “Манай сургуулийн цаашдын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Уул  уурхайн салбарыг  чадвартай мэргэжилтнээр тасралтгүй хангах, энэ салбарын хүний нөөцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хариуцлагатай үүрэг ч бидний өмнө тавигдсаар байна” хэмээн онцлов. Технологийн сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн хөгжил дэвшил, мэргэжлийн өндөр ур чадвартай инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэх үйлсэд өндөр амжилт гаргаж буй  багш, ажилтнуудыг төр засгийн болон аймаг, сумын засаг дарга, Эрдэнэт үйлдвэрийн захиргааны шагналаар шагнаж урамшууллаа.

 

 Тус сургуулийн СШУТ-ийн эрхлэгч, доктор Л.Наранцэцэг, доктор,дэд профессор Д.Болор-Эрдэнэ, ахмад багш С.Дулмаа, оюутны байрны эрхлэгч Б.Хишигдарь нарыг БСШУЯ-ны Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Цахилгаан,механикийн тэнхимийн эрхлэгч Ц.Баяржаргал,ахмад багш Балдорж нарыг ЭХЯ-ны Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр,

гагнуурын мэргэжлийн гэрээт багш Нямдоржийг УУЯ-ны Тэргүүний уурхайчин цол тэмдгээр,

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭА-н хэлтсийн ХАБ-ын албаны дарга, гэрээт багш Б.Баттайваныг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнав. Мөн БСШУЯ-ны жуух бичгээр багш Болд, Б.Энхцэцэг нарын 3 хүнийг,

Орхон аймгийн ИТХ-ын шагналаар багш Б.Цэгмид,  Б.Пүрэвдорж нарын 5 хүнийг, аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр ахмад багш Б.Цэрэндорж, доктор Х.Оюунтунгалаг нарыг, Засаг даргын Жуух бичгээр МСҮТ-ийн менежер Н.Зул-Эрдэнэ, багш Д.Дунгаамаа нарын 6 хүнийг, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар багш Б.Оюун, П.Лхагва, Р.Чинбат нарын 11 хүнийг,

Технологийн сургуулийн захирлын тушаалаар багш Ч.Уранчимэг, Б.Мөнхцэцэг нарын 13 хүнийг тус тус шагнасан байна. Түүнчлэн ШУТИС-ийн ректор Б.Очирбат Технологийн сургуульд сургалтын зөөврийн компютер болон проектор бэлэглэж,

Эрчим хүчний тэнхимийн тэргүүлэх профессор Ёндонжамцад  ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол хүртээснийг гардууллаа. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар Технологийн сургуулийн захирал, доктор С.Эрдэнэбат, СШУТ-ийн дэд профессор, доктор Д.Болор-Эрдэнэ нар шагнагдсан бол ректорын нэрэмжит шагналыг тус сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Ш.Сүхээ, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч, доктор профессор С.Давааням нар хүртэв. Мөн энэ үеэр шилдэг багш ажиллагсад, оюутнуудад Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ болон Монгол 21 сан, Монголын залуучуудын холбоо, МҮЭ-ийн холбоо, Төгсөгчдийн холбоо, Дэлхийн энхтайвны эмэгтэйчүүдийн холбоо, Капитрон банк, Багш нарын холбоо  зэрэг байгууллагууд өөрсдийн нэрэмжит шагналаа гардуулсан юм.  БСШУЯ-ны Ахлах багш цол тэмдгээр цахилгааны багш Болд-Энх, механикийн багш Б.Ганболд, Б.Бямбацогт нар шагнагдав. 

Ойн баярын хурлын үйл ажиллагааны дараа Технологийн сургуулийн багш ажиллагсад болон оюутнуудын хамтарсан Хүндэтгэлийн тоглолт болсон.

Тоглолтонд тус сургуулийн морин хуурын “Аргамаг” чуулгын 40 морин хуурч,  Монгол аялгууг эгшиглүүлсэн нь үзэгчдийн зүгээс өндөр үнэлэлт авсан юм.