Монгол улсын ШУТИС-ийн харьяа,“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Технологийн сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа нарын үйлдвэрийн удирдлагууд оролцож, оюутнуудад баяр хүргэн, Ш.Отгонбилэгийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг тус сургуулийн захирал С.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн хичээлийн жилд бид сургалтын чанар, орчныг улам боловсронгуй болгоход чиглэсэн томоохон өөрчлөлт шинэчлэлтийн хөтөлбөрийг дэвшүүлэн, эхлэлийг нь амжилттай тавьсан билээ. Үүний үр дүнд энэ хичээлийн жилийг шинэ бүтэц зохион байгуулалтаар эхлүүлж байна” хэмээн онцолсон юм.


Тухайлбал, Бакалавр, магистр, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээмж-инновацийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн өөрчлөн шинэчилжээ. Анхны шинэчилсэн хөтөлбөрүүдийг энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх юм байна. Мөн тус сургууль нь бакалаврын зэрэг олгох өдрийн хөтөлбөрөөс гадна Ашигт малтмал баяжуулалтын технологи, цахилгаан, механикийн инженерийн мэргэжлээр эчнээ анги нээжээ. Цахим болон зайн сургалтын орчин бүрдүүлэх зорилгоор өөрийн сургуулийн номын санг дэлхийн хэмжээнд хоёрдугаарт ордог ОХУ-ын Төв номын сантай холбож, хамтран ажиллахаар болсон байна.

2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн үеэр сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлан суралцаж байгаа, Ашигт малтмал баяжуулалтын технологийн 4-р курсын оюутан Р.Баяржаргалд “Капитрон” банкны нэрэмжит тэтгэлгийг гардуулсан юм.  “Капитрон” банкны зүгээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд жил бүр шилдэг нэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог уламжлалтай болсноо тус банкны Орхон аймаг дахь салбарын захирал Ё.Оюунчимэг тодотгов.

Түүхт 40 жилийн ой нь тохиож буй тус сургууль өнгөрсөн хугацаанд Монгол улсын уул уурхайн салбарт 70 мянга гаруй нарийн болон хос  мэргэжилтэн, 400 гаруй тусгай дунд мэргэжилтэн, 1500 орчим бакалаврын, 200 гаруй магистрын зэрэгтэй инженерийг бэлтгэжээ. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах