ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн эрдмийн баяр боллоо. 16 дахь төгсөлтийн баярт Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга  С.Сувдаа нарын удирдлагууд, эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож баяр хүргэлээ.

Баярын үйл ажиллагааны эхэнд тус сургуулийн захирал, доктор, дэд профессор С.Эрдэнэбат 2014-2015 оны хичээлийн жилд гаргасан сургуулийнхаа амжилтуудаас дурьдав. Тэрээр хэлсэн үгэндээ: Технологийн сургуулийн хамт олон түүхт 40 жилийн ойгоо хөдөлмөр бүтээлийн арвин амжилтаар угтаж байна.

ЦСА-3 ангийн оюутан Б.Эрболд, УУЦТТ-4 ангийн оюутан Ү.Аззаяа, УУАТ-3 ангийн оюутан Н.Булгантамир, АМБТ-2 ангийн оюутан Б.Өлзийтулга, УУАТ-4 ангийн оюутан Б.Бат-Эрдэнэ, АМБТ-2 ангийн оюутан Э.Азжаргал нар бусдыгаа хошуучлан онц дүнтэй суралцаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол улсын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Үйлдвэрийн цахилгаан хангамж”-ийн улсын олимпиадад манай оюутнууд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон Монгол туургатны хүүхдийн спортын 5-р наадамд лицей 11-р ангийн М.Бат-Эрдэнэ амжилттай оролцож мөнгөн медаль ,ШУТИС-ийн химийн олимпиадад манай оюутнууд амжилттай оролцож багаараа мөнгөн медаль , ШУТИС-ийн математикийн олимпиадаас  УУАТ-1 ангийн оюутан Б.Батчулуун, АМБТ-2 ангийн оюутан Ш.Алтантулга нар хүрэл медаль тус тус хүртэж, ШУТИС-ийн физикийн олимпиадад манай оюутнууд оролцож тусгай байранд шалгарчээ.

Мөн СШУ-ны тэнхимийн ахлах багш У.Амарзаяа бизнэс, менежментийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Бизнесийн байгууллага дахь хүний нөөцийг үнэлэх арга зүйн асуудлууд” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалж, ЭХТ-ийн эрхлэгч Ц.Баяржаргал, багш Ш.Сансарсайхан, С.Будхүү, СШУТ-ийн дэд профессор Д.Болор-Эрдэнэ нар ШУТИС-ийн шилдэг-топ 100 багшид шалгарлаа.

ЭХТ-ийн эрхлэгч Ц.Баяржаргал, багш А.Түвшинжаргалын бүтээсэн мэргэжлийн сургалтын цахим хичээл Хангайн бүсийн хэмжээнд болон Монгол улсын хэмжээнд шилдэг хичээлээр тодорч, “Шинжлэх ухаан ба боловсролын шинэчлэл, инноваци” ЭШБХ-д СШУ-ны тэнхимийн ахлах багш Б.Энхцэцэгийн “Сургалтын арга зүйг шинэчлэх шаардлага, арга зам” сэдэвт илтгэл, ахлах багш У.Амарзаяагийн “Хүний нөөцийн хөгжлийг үнэлэх арга зүйн асуудал” сэдэвт илтгэл шилдэг илтгэлээр тус тус шалгарсныг тодотгов.

 2014-2015 оны хичээлийн жилд Технологийн сургуулийг 7 магистр, бакалаврын зэрэгтэй 77 оюутан төгсөж байна.

Эрдмийн баярын үйл ажиллагааны үеэр Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ангийг онцлох дипломтой төгссөн Ү.Аззаяад “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу ажлын байраар хангах батламж гардуулан өгөв.

Монгол улсын уул уурхайн салбарт үндэсний боловсон хүчнийг 40 дэх жилдээ бэлтгэж байгаа Технологийн сургуулийг өнгөрсөн хугацаанд 60 гаруй мянган оюутан уул уурхайн нарийн мэргэжил эзэмшин төгссөн байна.

photo by: bulgaa