Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2014-2015 оны хичээлийн жилд төгсөж буй оюутнуудын “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Сургалт эрхэлсэн захирал Ш.Сүхээ “Эрдмийн баяр”-ыг нээж хэлсэн үгэндээ “манай сургууль сургалтын үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 40 дэх жилтэйгээ золгож байна.  2014-2015 оны хичээлийн жилийг манай сургуулийн оюутан багш нар сурлагын болоод ажил хөдөлмөрийн их амжилттай үдэж байна” гэж  тэмдэглэсэн юм.                 

Эрдмийн баярын арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Р.Цэрэндорж болон Монголын Оюутны холбоо, Залуучуудын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр сургуулиа амжилттай төгсөж буй 7 оюутан Технологийн сургуулийн Оюутны зөвлөлийн нэрэмжит “Хүндэт төгсөгч” 2 оюутан, Монголын Оюутны холбооны “Манлайлагч оюутан”,”Шилдэг төгсөгч” 4 оюутан, Орхон аймгийн Оюутны холбооны “Эрдмийн од” шагналаар шагнагдав.

Энэ хичээлийн жилд сургуульд магистрын сургалтыг 41 магистрант, бакалаврын сургалтыг 129 оюутан, гадаад хэлний бэлтгэл ангийн сургалтыг 11 оюутан, мэргэжлийн сургалтын нэг жилийн ангийг 24 суралцагч, мэргэжлийн сургалтын түр курсыг 310 суралцагч тус тус төгсөж байна. Мөн манай сургууль өнгөрч буй хичээлийн жилд Эрдэнэт үйлдвэр болон бусад байгууллагуудын нийт 4100  ажиллагсдын дунд ХАБЭА-н сургалтыг зохион байгуулсан байна.

  • Энэ нийтлэлийг хуваалцах