Манай сургуулийн хамт олон сургууль сурталчлах үйл ажиллагааны хүрээнд  “Технологийн сургуулийн нэг өдөр” өдөрлөг , уулзалтыг  зохион байгууллаа.  Өдөрлөгийн үйл ажиллагаа  “Технологийн сургуулийн хөгжил, хамтын ажиллагаа”  сэдэвт хэлэлцүүлгээр эхэлж, өдөрлөгийн зочид төлөөлөгчид тус сургуулийн ирээдүйн хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулсан юм.
     “Технологийн сургуулийн хөгжил, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, ШУТИС-ийн ректор, профессор Б.Очирбат, Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч  Н.Алгаа, ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их Сургуулийн профессор Загибалов Александр Валентинович тэргүүтэй  тус сургуулийн зочид төлөөлөгчид, Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, оюутан сурагчид оролцов. Орхон аймгийн Шинжлэх ухаан, сургалт үйлдвэрлэлийн цогц бодлого, ШУТИС-ийн харьяа сургуулийн сайн жишиг тогтоох боломж, зайн сургалт, Тогтвортой хөгжил ба Зөвлөх үйлчилгээ, Баталгаажуулалт зэрэг хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлтэй холбоотой асуудал болон Технологийн сургуулийн цаашдын хөгжил, баримтлах бодлогын талаар оролцогчид санал бодлоо хэлж, харилцан ярилцлаа.
    Мөн хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд  ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их Сургуулийн профессор Загибалов Александр Валентинович өөрийн сургуулийн  тухай танилцуулж, сургууль хоорондын хамтын ажиллагаа, цаашдын чиглэлийн талаар илтгэл тавив. Тэрээр “Бид Технологийн сургуультай хамтарч ажиллахад бэлэн байна. Боловсролын сургалтын явц, хамтарсан дадлага хийх, гарын авлага бэлтгэх, дээд боловсролын боловсон хүчин бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, дахин бэлтгэх зэрэг асуудлаар бидэнд бэлдсэн санал, хөтөлбөр байгаа” гэж онцолсон юм.

Технологийн сургуулийн төгсөгчдийн холбоо, сургуулийн захиргаатай хамтран 12-р ангийн сурагчдын дунд 3 эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж нийт 19 багийн 100 гаруй сурагчид оролцсон байна.

     “Технологийн сургуулийн нэг өдөр” өдөрлөгийн хүрээнд  сургуулийн “Нээлттэй хаалганы өдөр, хөтөлбөр сургалтын танилцуулга, Шатрын зэрэг тоглолт, ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг цогц арга хэмжээ боллоо. Мөн энэ өдөр Технологийн тсургуулийн ууган төгсөгчдийн нэг, Монгол улсын Хөдөлөмөрийн баатар Д.Жигмэдцэрэн болон бусад алдартнууд сургуулийнхаа сүлд тугийг мандуулан, “Хүндэтгэлийн жагсаал”-д жагсав. Тус сургуулийн УУЦТТА-3 ангийн оюутан , Авьяаслаг Монголчууд шоуны ялагч О.Энх-Эрдэнэ  болон Технологийн сургууль, ОХУ-ын Эрхүү хотын ТИС-ийн багш оюутны урлагийн тоглолт боллоо.

 

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах