Орхон аймгийн Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдын дунд нөхөрсөг уулзалт хийв. Уулзалтанд сургуулийн захирал,  доктор профессор С.Давааням, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Ерөнхий баяжуулагч, Шинжлэх ухааны доктор, дэд профессор, Төрийн соёрхолт Ж.Баатархүү, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга,  доктор, Ази тивийн тэсэлгээний инженерийн холбооны гишүүн, Монголын тэсэлгээний инженерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямдорж нар оролцож, инженерийн мэргэжлийг сонгож буй сурагчдад зөвлөгөө өглөө.
     Сүүлийн жилүүдэд Технологийн сургуульд элсэгчдийн тоо цөөрч, урьдчилан тооцоолсноос 2-3 дахин багассан нь удирдлагын багийн санааг зовоох болжээ. Иймээс Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт ойртож байгаа энэ үед сургуулийнхаа давуу талыг  олон нийтэд сурталчлан таниулж,  элсэгчид татах талаар удирдлагууд болон багш ажилчид санал солилцсон байна. Тус хамт олон сургалтын хөтөлбөр болон арга зүйг шинэчлэн боловсролын чанарыг эрхэмлэж, шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах шинэ менежмент нэвтрүүлэн ажиллах болсноо энэ үеэр онцлон тэмдэглэв.  
     Энэ үеэр уулзалтанд оролцогч хүүхдүүд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Б.Хээрийнбаатар, Цахилгаан механикийн тэнхимийн эрхлэгч, доктор С.Эрдэнэбат, Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Л.Наранцэцэг болон бусад эрдэмтэн багш нараас сонирхсон асуулт асууж, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх тухай, инженерийн мэргэжлийн онцлог зэрэг олон сэдвүүдээр чөлөөт ярилцлага өрнүүлэв. Нөхөрсөг уулзалтанд тус сургуулийн оюутан, “Авъяаслаг Монголчууд” шоуны үндэсний ялагч Э.Энх-Эрдэнэ ая дуугаа өргөж, багш сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ. 

  • Энэ нийтлэлийг хуваалцах