Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Орхон аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд зочлов. Түүнтэй хамт тус яамны зарим газар, хэлтэс болон харьяа агентлаг, их дээд сургуулиудын  дарга удирдлагууд байлцсан юм.

Сайд Л.Гантөмөр Технологийн сургуулийн оюутнуудтай уулзаж,  “Мэдлэгийн нийгэм” сэдвээр богино хэмжээний лекц уншив. Тэрээр үнэ ханшаа өөрсдөө тогтоож чаддаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ард түмэнтэй нийгмийг “Мэдлэгийн нийгэм” гэж нэрлэдэг. Өнөөгийн эрин үед энэ нийгмээс өөр сонголт байхгүй. Тиймээс оюутнууд та бүхэн сургуулиа төгсөөд, хэн намайг ажилд авах бол гээд хүлээгээд суух биш, өөрийнхөө ид шидээр амьдрахыг эрмэлзэх хэрэгтэй. Өөрөө хийж сурах, суралцах зарчмыг бодит болгож чадвал та бид  “Мэдлэгийн нийгэм”-ийг бүтээж чадна хэмээн онцолсон юм.

 Мөн энэ үеэр сайд Л.Гантөмөр  Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас Технологийн сургуульд сургалтанд ашиглах Ухаалаг проектер бэлэглэж байгааг дуулгаад, батламжийг тус сургуулийн захирал С.Эрдэнэбатад гардууллаа. Уулзалтын үеэр Технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат сургуулийнхаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийсэн юм.

  • Энэ нийтлэлийг хуваалцах