Сургуулийн захирал С.Давааням үе үеийн сор төгсөгчидөө урьж уулзлаа. Тэдний дунд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, Баян-Өндөр сумын Засаг дарга, Олон улсын хэмжээний мастер, Эрдэнэт үйлдвэрийн цех, хэсгийн дарга нар байв.

     Сүүлийн жилүүдэд Технологийн сургуульд элсэгчид цөөрч байгаа нь удирдлагын багийн санааг зовоох болжээ. Иймээс Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт ойртож буй энэ цаг үед сургуулиа хэрхэн сурталчлан олонд таниулж элсэгчид татах талаар төгсөгчид санал бодлоо солилцсон юм. Уул уурхайн салбарт 80 мянга гаруй мэргэжилтэй ажилтан, 1500 гаруй бакалавар, 300-аад магистрын зэрэгтэй инженер бэлтгэн гаргасан 40 гаруй жилийн баялаг туршлага хуримтлуулсан Монгол улсын тэргүүлэх энэ сургуулийг сонгох шалтгааныг ч энд хэлэлцсэн. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй урамшуулал, тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжид хамрагдах боломжтой, суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлд амжилт үзүүлсэн төдийгүй спорт, урлагийн төрөлд амжилт гаргасан оюутанд “Эрдэнэт” үйлдвэрийн нэрэмжит хөнгөлөлт үзүүлдэг, “Онцлох” дипломтой төгсөгчид Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж гарддаг зэрэг олон боломж нөхцөл байдаг аж. 

      Мөн сургалтын менежментээ сайжруулж босго оноогоо өсгөж чангаасаа дээшлүүлэх хэрэгтэйг ч онцлов. Түүнээс гадна “Чанартай төгсөгч-чанартай ажлын байр-чанартай амьдралын баталгаа” уриаг дэвшүүлж,  төгсөгчидөө ажлын байраар хангахад Технологийн сургууль, Эрдэнэт үйлдвэр, Төгсөгчдийн холбоо хамтран ажиллах хэрэгтэй гэдэгт тэд санал нэгдэв.