Жил бүрийн 2-р сарын 1-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхны монгол ерөнхий захирал асан Шагдарын Отгонбилэг агсны төрсөн өдөр тохиодог. Энэ өдөр Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотын удирдлагууд, журмын нөхөд, гэр бүлийнхэн нь  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн өмнө талбай дахь Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.  Тэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа уул уурхайн салбарын чадварлаг боловсон хүчнийг  бэлтгэх зорилгоор одоогийн Технологийн сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулах шийдвэрийг санаачлан хэрэгжүүлсэн тул тус сургуулийг түүний нэрэмжит болгон, нэрийг нь мөнхжүүлсэн түүхтэй. Тиймээс  хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээг  Технологийн сургууль жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд  Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нарын удирдлагууд, “Ш.Отгонбилэг судлал” сангийн гишүүд, сургуулийн Удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлийн гишүүд, боловсролын байгууллагын төлөөлөгчид,  багш оюутны төлөөлөл оролцов.

 Хүндэтгэлийн үйл ажиллагааны  үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт зочдод хандан хэлсэн үгэндээ “Шагдарын Отгонбилэг агсан бид оюутан цагийн найзууд. Бид энэ үйлдвэрийн төлөө, уул уурхайн салбарын төлөө гар сэтгэл нийлж, олон жил зүтгэсэн. Энэ хүний хийсэн бүтээснийг мөнхжүүлэх, алдар нэрийг нь өндөрт авч явах ийм сайхан ажлыг үргэлжлүүлж байгаа та бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын хувьд  гүнээ талархаж байна. Ш.Отгонбилэг бол Монгол оюутан яаж сайн сурч боловсордгийг,  гадаадын хүн орос хэлийг ямар түвшинд сурч болдгийг өөрийнхөө бахархалт замналаар тод томруун харуулсан хүн. Тэрээр бас  Эрдэнэт хэмээх том үйлдвэрийг  Монгол хүн хэрхэн амжилттай удирдаж, ажиллуулж чаддагийг ч гайхалтай баталж чадсан гарамгай удирдагч, уул уурхайн салбарын нэрт эрдэмтэн байсан. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот бол бидний түүх. Харин энэ түүх бол түүний амьдрал, ажил үйлстэй салшгүй холбоотой. Бид үеийн үед энэ хүний хийсэн бүтээснийг санан дурсаж, үйл хэргийг нь үргэлжлүүлж явах учиртай” хэмээн тэмдэглэсэн юм. Мөн энэ үеэр зочид “Ш.Отгонбилэг судлал” сангийн талаар санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.