Эрдэм ухааны их оргил өөд уриалан дууддаг 9-р сарын 1-ний өдөр сургуультай холбоотой хүн бүхний баярын өдөр байдаг. Сургууль бүр хичээлийн эхний өдрөө ёслол төгөлдөр эхлүүлж, оюутан суралцагсад, шинэхэн шавь нараа хүлээн авдаг уламжлал ёсоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ.  Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Монгол-21 сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, Анагаах ухааны доктор Д.Туяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал, Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбилэг,  Технологийн сургуулийн захирал, доктор дэд профессор С.Эрдэнэбат, тус сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд,  эрдэмтэн судлаачид, багш , оюутнууд оролцов.

Технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат 2016-2017 оны хичээлийн шинэ жилийг нээж, хэлсэн үгэндээ “Технологийн сургууль энэ намар 42 дахь жилийн сургалт хүмүүжлийн ажлаа албан ёсоор нээж байна. Өөрөөр хэлбэл, манай сургууль уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргах эрдмийн их аяныхаа 42 дахь түүхийн хуудсыг бичиж эхлэхэд бэлэн боллоо. Ирж байгаа хичээлийн жилд манай хамт олон CDIO стандартаар боловсруулсан сургалтын хөтөлбөрөө мөрдөж эхлэнэ. Цахим хичээлийг сургалтын арга барилд бүрэн нэвтрүүлж, багш нарыг олон улсад сургаж,  мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх бүхий л боломжийг бүрдүүлнэ. “Бид ёс зүйтэй инженерүүд”, “Сурах арга барилыг хэрхэн эзэмших вэ?”, “Амжилттай суралцахад анхаарах зүйлүүд, сонгосон мэргэжлээ хэрхэн мэргэшил болгон амжилтанд хүрэх вэ?” зэрэг бидний зохион байгуулдаг уламжлалт аян, сургалт сурталчилгааны үйл ажиллагаанууд ч энэ хичээлийн жилд шинэлэг хэлбэрээр үргэлжлэх болно” гэж онцлон тэмдэглэлээ. 

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут баярын мэндчилгээндээ “Би энэ сургуулийг төгссөн, энэ сургуулийн бүтээгдэхүүн. Эндээс миний сурч хөдөлмөрлөх их тэмүүлэл эхэлж, оюун санаа болон бие хүний төлөвшил бүрдсэн юм. Өндөр мэргэжил боловсрол  олгож, аймаг орноо удирдан авч явах чадвар болоод их хүчийг өгсөн эрхэм багш нар, төрөлх сургуулиараа үргэлж бахархаж явдаг”-аа тодотгож, энэ хичээлийн жилээс эхлэн Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгож буй таатай мэдээг дуулгасан юм.

Нээлтийн ажиллагааны бас нэг сайн мэдээг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал, Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбилэг хэлсэн. Тэрээр “ Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн хувьд түүхэн онцлог жил болж байна. Манай үйлдвэр Монгол улсын үндэсний аж ахуйн нэгж боллоо. Энэ бол Технологийн сургуулийг Эрдэнэт үйлдвэрийнхээ дэргэд анх үүсгэн байгуулж байсан тус үйлдвэрийн анхны ерөнхий захирал асан Ш.Отгонбилэг агсны нэгэн том хүсэл мөрөөдөл байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Бид энэ сургуулийн үйл ажиллагааг цаг ямагт дэмжиж, БСШУЯамтай  хамтран оюутнуудыг Япон, Энэтхэг улсад сургах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно” гэсэн юм.

Технологийн сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол21 сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Туяа нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан суралцагчид, сургуулийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Л.Наранцэцэг,   АМБТ-4 ангийн оюутан Б.Өлзийтулга нарыг Монгол-21сангийн нэрэмжит шагналаар шагнав.  Мөн нийгмийн хариуцлагатай, оюуныг дэмжигч Капитрон банкны Орхон аймаг дахь салбарын захирал Ё.Оюунчимэг тус сургуулийн тэргүүний оюутан,  АМБТ-4 ангийн оюутан Ц.Гансүхэд хичээлийн шинэ жилийн сургалтын тэтгэлгийг гардууллаа. УИХ-ын гишүүн О.Содбилэг, Технологийн сургуулийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал, профессор С.Давааням нарын санаачлагаар Капитрон банкны хамт олон жил бүр тус сургуулийн шилдэг оюутанд сургалтын тэтгэлэг олгох болсон юм. Энэ үеэр оюутан УУАТ-4 ангийн Х.Сүхбаатар, МТ-4 ангийн П.Батмаа, УУЦТТА-4 ангийн Д.Отгонбилэг, МТ-4 ангийн Б.Пүрэвлхам нар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит сургалтын тэтгэлэгийн батламж гардаж, АМБТ-4 ангийн оюутан Б.Гүндалай, УУАТ-4 ангийн оюутан  О.Мижиддорж нар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбооны шагнал,  Монголын уул уурхайн компаниудаар аялах эрхийн бичгээр шагнагдав.  Технологийн сургуулийн хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцож, ая дууны түрлэг өргөсөн. Нээлтийн ажиллагааны төгсгөлд нийт зочид төлөөлөгчид Технологийн сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн ухааны доктор Шагдарын Отгонбилэг агсны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

 

Монгол 21 сангийн шагналаар Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Л.Наранцэцэг

Монгол 21 сангийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр АМБТ-4 ангийн оюутан Б.Өлзийтулга 

УУАТ-4 ангийн Х.Сүхбаатар, МТ-4 ангийн П.Батмаа, МТ-4 ангийн Б.Пүрэвлхам нар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит сургалтын тэтгэлэгийн батламж авлаа 

Капитрон банкны тэтгэлгээр АМБТ-4 ангийн оюутан Ц.Гансүх 

М.Балжинням, Photo by bulgaa

 

 

  • Энэ нийтлэлийг хуваалцах